Монгол Улс болон дэлхий даяар халдварт өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх өвчлөл нь сүрьеэ. Дэлхий даяар сүрьеэтэй тэмцэх хүрээнд оношилгооны шинэ шатанд шилжиж, оношилгоог илүү хялбар, хүртээмжтэй болгох үүднээс сүрьеэг амны хөндийн шүлсээр илрүүлэх боломж бүрджээ. Энэхүү шинэ арга нь сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах томоохон алхам болж байна. Одоогоор Монгол Улсад сүрьеэг амны хөндийн шүлсээр илрүүлэх шинжилгээ нь албан ёсоор хэрэгжиж эхлээгүй бөгөөд 2026 онд нэвтрүүлэхээр судалгааны шатанд явж байгаа юм. Дэлхий даяар 1982 оноос хойш Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэж ирсэн бол Монгол Улс 1995 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулан Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ДЭМБ хамтран, олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Дэлхий дахинд халдварт өвчний шалтгаант нас баралтын дээгүүр бичигдэж байгаа шалтгааны нэг нь сүрьеэ өвчин байдаг. ДЭМБ-аас 2030 он гэхэд “Сүрьеэгүй дэлхий” болгох зорилго тавьж, олон үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хувьд 2026 оноос сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, шийдвэр гаргагч болон нийт иргэдэд сүрьеэгийн асуудалд анхаарал хандуулах, мэдээлэл мэдлэгийг хүргэх зорилгоор 60 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд нэг ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд 45 ам.долларын өгөөж хүртэх боломжтой. Сүрьеэ эдгэрдэг өвчин. Олон улсад амны хөндийн шүлсээр сүрьеэ өвчинг илрүүлдэг болсон нь том дэвшил. Монгол Улсад сүрьеэг амны хөндийн шүлсээр илрүүлэх шинжилгээ нь албан ёсоор хэрэгжиж эхлээгүй байгаа. Сүрьеэгийн оношилгооны хүртээмж, нарийвчлалыг нэмэгдүүлэх, хялбар арга технологи нэвтрүүлэх хүрээнд 2026 онд нэвтрүүлэхээр судалгааны шатанд явж байгаа юм. Энэ өвчнийг туссан өвчтөн эм уугаад зургаан сарын хугацаанд эмчилгээ хийлгээд эдгэх боломжтой болсон. Сүрьеэ өвчнийг эрт оношлуулж, эхэн шатанд нь эмчлэх боловсон хүчнийг нэмэхийн тулд сүрьеэ өвчний чиглэлээр ажилладаг эмч нарын цалинг 30 хүртэлх хувиар нэмээд байна. ДЭМБ-ын Төв оффисын ХДХВ, сүрьеэ, вируст гепатит болон бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева: Сүрьеэ маш түвэгтэй, урт хугацааны эмчилгээ шаарддаг өвчин. Эмчилгээний хүрээнд олон гаж нөлөө үүсгэдэг хүчтэй эм уудаг. ДЭМБ-аас сүүлийн жилүүдэд шинэ дэвшил гарсан нь олон эмд тэсвэртэй сүрьеэ буюу хамгийн хүнд хэлбэрийн сүрьеэг эмчлэх боломжтой болсон. 2030 он гэхэд шинэ тохиолдлуудыг 80 хувиар бууруулж, нас баралтыг 90 хувиар буулгахаар зорьж байгаа. Сүрьеэг эрт оношилж, бүрэн эмчлэх нь хамгийн чухал. Сүрьеэ өвчин амьсгалын замаар дамжин халдварладаг, архаг явцтай өвчин тул иргэд өвчилснөө мэдэхгүй явсаар хүндрүүлэх, цаашид бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн жилд 10-15 хүнд халдвар тараадаг. Тийм болохоор 14 хоногийн турш ханиалгаж байгаа бол эмчид заавал үзүүлээрэй. Сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ Сүрьеэ нь “Mycobacterium tuberculosis” гэх нянгаар агаараар дамжин халдварладаг, уушгийг голчлон гэмтээдэг халдварт өвчин бөгөөд өнөөдөр ч дэлхий даяар тулгамдсан эрүүл мэндийн асуудлын нэг хэвээр байна. Сүрьеэ нь бүрэн эмчлэгдэх боломжтой ч эмчилгээг тогтмол, хугацаанд нь хийх шаардлагатай. Юуны өмнө дархлаагаа дэмжих нь хамгийн чухал. Зөв хооллолт, хангалттай нойр, стрессгүй амьдралын хэв маяг нь халдвар авах эрсдэлийг бууруулдаг байна. Мөн хүүхдүүдэд хийдэг “BCG” вакцин нь сүрьеэгийн хүнд хэлбэрээс хамгаална. Үүнээс гадна олон нийтийн газарт амны хаалт зүүх, ханиаж найтаахдаа амаа дарах, өвчтэй хүнээс зай барих зэрэг энгийн дадлууд халдвараас сэргийлэхэд чухал нөлөөтэй. Ялангуяа битүү, агааржуулалт муутай орчинд халдвар амархан тархдаг тул өрөө тасалгааг тогтмол агааржуулах шаардлагатай юм. Хэрэв хоёр долоо хоногоос дээш хугацаанд ханиалгах, жин буурах, шөнө хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Мөн сүрьеэтэй хүнтэй ойр байсан тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх боломжтой аж. Тамхи, архины хэрэглээг багасгах нь уушгийг хамгаалж, сүрьеэ өвчнөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй. Иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч, дээрх зөвлөмжийг хэрэгжүүлснээр сүрьеэ өвчний тархалтыг бууруулах боломжтой юм. Post navigation Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Боао форум-2026”-д оролцож, байр сууриа илэрхийллээ Дэлхий дахинд сүрьеэ өвчин