Хүний бие эсийн түвшинд хэр хурдан хөгширч байгааг илэрхийлдэг “биологийн нас” нь бидний бодит наснаас ялгаатай байж болно. Ахмад настнуудыг хамарсан томоохон санамсаргүй хяналттай клиник судалгааны өгөгдлийг ашиглан Харвардын их сургууль болон Масс Женерал Бригам (АНУ-ын эрүүл мэндийн нэгдсэн систем)-ийн судлаачид хоёр жилийн хугацаанд өдөр бүр олон төрлийн аминдэм хэрэглэх нь биологийн хөгшрөлтийн таван үзүүлэлтэд хэрхэн нөлөөлөхийг судалжээ.

Үр дүнд нь хөгшрөлтийн явц ойролцоогоор 4 сарын хэмжээгээр удааширсан болохыг тогтоосон байна. Судалгааны эхэнд биологийн нас нь бодит наснаасаа өндөр байсан оролцогчдод илүү их ашиг ажиглагджээ. Судалгааны үр дүн “Нэйчер Медисин” (анагаах ухааны шинжлэх ухааны сэтгүүл)-д нийтлэгдсэн байна.

Ахлах зохиогч, урьдчилан сэргийлэх анагаах ухааны мэргэжилтэн Ховард Сессо “Өнөөдөр хүмүүс зөвхөн урт наслах биш, илүү чанартай амьдрах арга замыг эрэлхийлж байна. Олон төрлийн аминдэм нь биологийн хөгшрөлтийн үзүүлэлтүүдтэй холбоотой ашиг тустайг харах сонирхолтой байлаа. Энэ судалгаа илүү эрүүл, чанартай хөгшрөлтийг дэмжих боломжтой, хүртээмжтэй, аюулгүй аргуудыг судлах үүдийг нээж байна” гэжээ.

Эпигенетик цаг гэж юу вэ?

Эпигенетик “цаг” нь ДНХ-д гардаг маш жижиг өөрчлөлтүүд дээр үндэслэн биологийн насыг тооцоолдог. Тухайлбал, генийн илэрхийллийг зохицуулдаг ДНХ-ийн тодорхой хэсгүүд (ДНХ метилжилт) нас ахих тусам өөрчлөгддөг бөгөөд энэ нь нас баралтын эрсдэл болон хөгшрөлтийн хурдыг үнэлэхэд ашиглагддаг.

Энэхүү шинэ судалгаа нь “Какаоны нэмэлт ба олон төрлийн аминдэмийн үр нөлөөний судалгаа (COSMOS)”-ны өгөгдөлд тулгуурласан бөгөөд дунджаар 70 настай, эрүүл 958 оролцогчийн цусны дээж дэх ДНХ метилжилтийн мэдээллийг шинжилжээ.

Судалгааны эхэнд, мөн 1 болон 2 жилийн дараа таван төрлийн эпигенетик “цаг”-ийн өөрчлөлтийг харьцуулсан байна. Плацебо бүлэгтэй харьцуулахад олон төрлийн аминдэм хэрэглэсэн хүмүүсийн хувьд бүх таван үзүүлэлт дээр хөгшрөлт удааширсан, үүнээс хоёр нь нас баралтыг урьдчилан таамаглах ач холбогдолтой хэмжүүрүүдэд статистикийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагджээ.

Ховард Сессо “Олон хүн олон төрлийн аминдэмийг яг ямар ашигтайг нь мэдэлгүй хэрэглэдэг. Тиймээс түүний эрүүл мэндэд үзүүлэх боломжит үр нөлөөг илүү сайн ойлгох тусам илүү хэрэгтэй” хэмээн онцолсон байна.

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *